Shangri-La Office – Inspiring Office Spaces in UB

Залуу энтрепренеруудаас эхлээд амжилттай яваа бизнесмен эрхмүүдийн төвлөрч суудаг өвөрмөц шийдэлтэй оффисоор та бүгдийг аялуулах цоо шинэ цуврал нийтлэл маань эхлэж байна. Энэ бол бизнесийн тасралтгүй урсгал хөвөрч байдаг нийслэлийн төв цэгт сүндэрлэн орших Шангри-Ла Оффис юм. Зөвхөн гаднаас нь хараад л өнгөрдөг энэхүү гоёмсог барилгын дотоод заслыг анх удаа interior.mn болон Шангри-Ла оффис хамтран олны хүртээл болгож буй нь энэ билээ. Ингээд хамтдаа тэдгээр нууцлаг оффисыг дотроос нь харцгаая!

Эхний зочилсон оффис бол брэнд хөгжүүлэлт, маркетинг борлуулалтын зөвлөх үйлчилгээний олон жилийн туршлагатай Brand Arte байсан юм. Шинэ брэнд бүрийг өсгөн хөгжүүлж, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд бэлтгэдэг тэдний оффис бүтээлч, шинийг эрэлхийлэгчдийн "лаборатори" мэт өвөрмөц санагдсаныг нуух юун. Сонгодог хэв маягийн чамин хийцтэй сандал болон хүлээлгийн ширээ тус оффисын интерьерийг гайхалтай чимнэ. Цаашилбал, дугуйрсан өнцөггүй өрөө, бүтээмж өсгөх тод өнгөний сонголтууд, хязгааргүй үргэлжлэх мэт ханын чимэглэл гээд дотоод орон зайг тун сонирхолтой төлөвлөж, дизайны өвөрмөц элементүүдийг шингээсэн байлаа. Онцгой шийдлүүд үүгээр дууссангүй. Учир нь Шангри-Ла оффис дотор өөр хаана ч байхгүй дуу бичлэгийн акустик өрөөг бий болгосон байв. Энэ өрөөнд тэдний хамт олон подкаст бэлтгэн хүргэдэг гэнэ. "Брэнд үйлдвэрт бус оюун санаанд бий болдог" хэмээх уриатай тэдний ажлын орчин содон деталиудаар дүүрэн.


Шведийн шилдэг гоо сайхны брэнд Орифлейм компанийн Монгол дахь оффис мөн л содон. Урин дуудах мэт харахад ч суухад ч тухтай гоёмсог сандлууд ирсэн зочдыг угтах ба тод өнгөний гоёмсог нийлэмжийг интерьертээ тэд тун донжтой тусгажээ. Гоо сайхны бүтээгдэхүүнээ турших нүүр будалтын өрөө, сургалтын өрөө болон ажлын өрөөнүүдийг шилэн ханаар тусгаарлан, шик элементүүдээр чимсэн нь онцгой шийдэл байв. Мөн амьд сарнайн бутлаг ургамал тарьж ургуулсан байх ба энэ нь байгальтай ойр хөнгөн уур амьсгалыг бүрдүүлж, таатай тайван сэтгэгдлийг төрүүлнэ. 

Дараагийн оффис болох PDAA MONGOL компани нь Японы хөрөнгө оруулалттай, SDG-ийн зарчимд нийцүүлэн Монгол Улсын хөгжилд дэмжлэг болох бизнесийн үйл ажиллагааг явуулж буй бүтээлч хамт олны оффис байлаа. Тэд интерьерийн суурь болох зөөлөн цайвар өнгийг компанийнхаа брэндингтэй уялдуулан дизайнаа шийджээ. Мөн модон элементтэй хоршуулснаар даруухан боловч эрч хүч, урам зориг бадраахуйц өнгө төрхийг бүрдүүлсэн байв. Мэдээж хотын төвийг нэвт тольдож болох цэлгэр том цонх нь энэ оффист хэтийн зорилго, ажлаа төлөвлөх сайхан боломжийг үүсгэжээ.

Тээвэр Хөгжлийн Банкны оффист нийт 120 гаруй хүн ажилладаг. Үүнийг уншмагц хэт давчуу байхдаа гэсэн бодол танд төрж магадгүй. Гэхдээ харин ч бүр илүү уужим буюу нэг хүнд ногдох ажлын байрны талбайн стандартыг маш сайн баримталсан цэлгэр орчин таныг угтах болно. Учир нь Шангри-Ла оффисын 15 давхарт ТрансБанкны оффис дангаараа байрладаг бөгөөд тэд орон зайн нээлттэй төлөвлөлтийг тун ухаалаг шийдэж саруулхан орчныг бий болгожээ. Хамгийн их сонирхол татсан зүйл нь амралтын хэсэг дэх бариа заслын өрөө байв. Тийм ээ, та яг зөв уншсан. Харааны бэрхшээлтэй иргэдийг банкны бусад ажилтнуудтай яг ижил хэмжээнд цалинжуулж энд ажиллуулдаг гэв. Нийгмийн тусгай хэрэгцээт иргэдийг тохилог ажлын байраар хангаад зогсохгүй оффис ажилчдын эрүүл мэндийг анхаарч гэгээлэг нэгэн шийдлийг шингээсэн нь туйлын сайхан санагдсан билээ.

Бидний зорьсон эхний оффис бол авто замын бүх төрлийн түүхий эд, материалын үндэсний үйлдвэрлэгч, борлуулагч БИТУМИНА МОНГОЛИА компани байв. Импортын бүтээгдэхүүнийг орлож, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй тэдний ажлын орчин тун өвөрмөц. Модерн индустриал дизайны чиг хандлага эндээс тод харагдах бөгөөд тасалгааны навчит ногоон ургамлаар чимэглэсэн нь онцгой сэтгэгдэл үлдээсэн юм. Ажлын ачааллаас түр хөндийрч чөлөөт цагаа өнгөрөөх ажилчдын хэсгийг маш содон шийдлээр тохижуулсан ба энэ хэсэгт ширээний хөл бөмбөг байрлуулжээ. Энэхүү оффисын интерьер дизайныг тэд Ай мэйд ап ХХК-ийн Б.Батзаяа дизайнераар хийлгэсэн гэв. Мэдээж Шангри-Ла оффисын том давуу тал болох оновчтой байршлыг ашиглан нийслэл хотын өнгө төрхийг оффис дотроосоо илхэн харж болохоор байв.

Банк санхүү, хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөгөө боловсруулдаг энэ салбар дахь томоохон тоглогч, манлайлагчдын нэг Нэткапитал компанид зочилсон юм. Санхүүгийн бүтээгдэхүүний үлгэр жишээ загварыг бий болгон, тогтвортой өсөлтийг бий болгохын төлөө хичээнгүйлэн ажилладаг тэдний оффисыг дотроос нь харцгаая. Тэд ихэнх тавилгаа үндэсний үйлдвэрлэгч АНУН-аас сонгосон байх ба орчин цагийн оффист хэрэглэгддэг дэвшилтэт шийдлүүдийг мөн цогцлоосон байв. Тэдгээр шинэлэг шийдлүүдийн нэг болох оффисын сүүлийн үеийн чиг хандлага Huddle Room-ыг бий болгожээ. Өнгөний сонголтын хувьд тогтвортой тод, суурь өнгөнүүдийн нийлэмжийг агуулсан ба бүтээлч хандлагыг дэмжсэн өвөрмөц элементүүдээр орон зайг дүүргэсэн нь таатай сэтгэгдэл төрүүлсэн билээ.

Бидний сайн мэдэх CU болон LADA автомашин, бетон зуурмагийн үйлдвэр, барилгын материалын нийлүүлэлт гээд салбар бүрт амжилттай ажиллаж буй компаниудын нэгдэл Premium групп компанийн оффисыг та яг одоо харж байна. Үндэсний хэмжээнд томоохон бүтээн байгуулалт, хөгжлийг авчирч буй тэдний оффис Шангри-Ла оффисын 23 давхарт дангаараа байрладаг. Нээлттэй орон зайн төлөвлөлт, олон тод өнгөний нэгдэл, загасны аквариум гээд энд сонирхолтой шийдлүүд дүүрэн. Мөн энэ оффист авьяаслаг зураачдын онцгой бүтээлүүд болох гайхалтай уран зургууд байрласан байгааг харж болно. Ажлын орчин гэхэд хэт албархаг бус чөлөөтэй, бүтээлч уур амьсгал давамгайлсан өвөрмөц интерьерийг бүрдүүлж чаджээ.

Банк санхүүгийн байгууллага гэдэг вальютын ханш, хувьцаа, хөрөнгө оруулалт гээд эдийн засгийн хамгийн сүүлийн мэдээллүүд дээр үндэслэн хэтийн бодлого төлөвлөгөө боловсруулдаг онцгой статустай газар билээ. Мөн хөрөнгөө хадгалж, өсөн нэмэгдэх үнэ цэнийг бүтээх нь манлайллын шинжтэй гэмээр. Харин бидний дараагийн зочилсон Капитрон банкны оффис дахь уламжлалт модон хийцтэй авдар тэдний ажил үүргийг илтгэх онцгой элемент мэт санагдсан юм. Интерьерээ бүхэлд нь цагаан цайвар өнгөөр дагнан шийдсэн ба саруул, динамик шинжтэй орон зайг бүрдүүлжээ.

"Дэлхийн хөгжлийг Монголд" уриатай МСS Групп нь бизнесийн олон салбарт манлайлж, бүтээлч, шинэлэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг билээ. Бидний энэ удаагийн нийтлэлдээ онцолж буй оффисуудын жагсаалтад эргэлзээгүй MCS holding оффис багтсан юм. Учир нь энд онцгой чамин урлагийн бүтээлүүд, сонирхолтой өнгөний зохицол, дизайны өвөрмөц шийдлүүд бүрдсэн байв. Энэ дундаас уран барималч А.Очирболдын “Ухамсар” хэмээх хөшөө анхаарал татсан юм. Энэхүү хөшөө нь дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлт, технологийн хэтэрсэн хэрэглээ зэрэг асуудлыг хөндсөн олон орны бүтээлээс шалгарч, НҮБ-ын төв байрны талбайд сүндэрлэсэн гэдгээрээ алдартай бүтээл билээ. Түүнчлэн, загасны аквариум хана, чадварлаг зураачдын уран зураг, эргономик стандарт хангасан тавилгууд, мөн хурлын өрөөний шинэлэг шийдэл болох "Huddle Room"-ыг интерьертээ тусгажээ. Huddle room нь орчин үеийн оффис төлөвлөлтийн хамгийн том чиг хандлагуудын нэг бөгөөд бага зай талбайд илүү бүтээлч ажиллах боломжийг бүрдүүлсэнээрээ онцлогтой. Төлөвлөлтийн хувьд оффис доторх хүний урсгалыг тооцоолж орон зайг зөв хуваарилалтын дагуу шийдсэн ба тэдний цогцлоосон орчин ажлын бүтээмжийг өсгөн нэмэгдүүлж, урам зоригоор хөглөх, тун онцгой.

Дараагийн зочилсон оффис бол ХААН Банкны Priority салбар байсан юм. Монгол улс дахь томоохон банкны нэг ХААН БАНК нь олон мянган харилцагчдынхаа үргэлж итгэлтэй хамтрагч байсаар ирсэн билээ. Энд итгэлцэл, тогтвортой байдлыг илэрхийлдэг хүрэн өнгө зонхилох ба үнэ цэнийг мэдрүүлэм гүн ногоон өнгөтэй хоршин тансаг уур амьсгал бүрджээ. Тус салбарт харилцагчдынхаа санхүүгийн нууцлалыг хамгаалахын тулд тусгай уулзалтын 4 өрөөг бий болгосон бөгөөд тус бүр дэвшилтэт технологийн шийдлийг ашигласан байв. Үүний нэг жишээ нь уулзалтын өрөөнүүд дэх цахилгаан хөшиг юм. Харин зочдын уулзалтын хэсэгт тохилог мэдрэмжийг төрүүлэхүйц ил галыг байрлуулсан байлаа. Энд алдартай зураачдын уран зургууд хараа булаахаас гадна үзэсгэлэнгийн танхимыг санагдуулам онцгой сэтгэгдэл үлдээсэн юм.

Монгол улсын банк санхүүгийн системд тогтвортой өсөлтийг бий болгохын зэрэгцээ үйл ажиллагаагаа өргөтгөн, үргэлж шинэчилж байдаг, харилцагчдын найдвартай түнш ХАС Банкны VIP салбарыг та яг одоо харж байна. Тэд харилцагчдынхаа тав тухтай байдлыг хангах зорилгоор интерьер дизайны онцгой шийдлүүдийг энэхүү салбартаа цогцлоосон байлаа. Үүдээр нь ормогц хөнгөн хэмнэлтэй намуухан хөгжим сонорыг мялаахын сацуу О.Золбоотөгөлдөр зураачийн хосгүй уран бүтээлүүд нүд баясган угтана. Эдгээр уран зургийг сонирхсон харилцагч нар худалдан авах боломжтой гэнэ. Зураачийн бүтээлийг дэмжиж үйлчлүүлэгчдэдээ санал болгохоос гадна эдгээр урлагийн хосгүй нандин бүтээлүүдээр тэд ажлын орчноо чимдэг ажээ. Тиймээс хараа булаам декор, тав тухыг эндээс мэдрэх боломжтой.

Дараагийн газар бол бичил санхүүгийн зах зээлд дэвшилтэт технологи, шинэлэг шуурхай үйлчилгээг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн “хариуцлагатай дэмжигч” байх зорилготой Invescore компанийн VIP салбар байв. Энэхүү салбараар тус компанийн бизнесийн найдвартай түншлэгч, харилцагчид үйлчлүүлдэг ажээ. Тийм ч учраас ажилчид болон үйлчлүүлэгчдийнхээ ая тухыг бүрэн хангахуйц тохилог орчин энд бүрджээ. Тэд компанийнхаа брэндингтэй уялдуулж интерьер дэх өнгөний нийлэмжийг үүсгэн, энгийн боловч хэрэглээ талаасаа ухаалаг тавилгуудаар оффисоо тохижуулсан байлаа.

Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гүнд Инвестмент холдинг компанийн "Knowledge Sharing Center"- г та яг одоо харж байна. Тус оффисын интерьер контемпорари болон модерн чиг хандлагатай бөгөөд сургалтын өрөө, VIP өрөө, хурлын өрөө, дундын оффис гэсэн хэсгүүдээс бүрддэг. Эндээс технологийн дэвшилтэт шийдлүүдийг илхэн харж болохоор байв. Жишээ нь: хурлын өрөөнд онлайн хурал, хэлэлцүүлгийн уулзалт хийх зориулалттай, мэдээллийг шууд солилцох боломжтой Jamboard дэлгэцийг байрлуулжээ. Мөн унтарсан үедээ уран зураг харагдах One connector бүхий Samsung дэлгэцтэй. Үүнийг хурал уулзалтын үеэр ашиглаад хэрэглээгүй үедээ уран зураг байдлаар интерьерээ чимдэг байна. Харин VIP өрөөнд шилэн “smartfilm” буюу нэг товчлуураар асаж, унтардаг, дуу чимээ тусгаарлалт сайтай цахилгаан хөшигтэй. Үүгээр зогсохгүй нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн “Symphone II” пянзанд зориулж гар аргаар хийлгэсэн царс модон жааз хараа булаана. Мөн тэд оффистоо үндэсний хэв шинжийг агуулсан түүхэн болон дурсгалт онцгой бүтээлүүдийг байрлуулж, үндэснийхээ үйлдвэрлэгчдийн хийсэн тавилгыг түлхүү сонгон тохижуулсан байлаа.